
“БАГАХАНГАЙ-ХӨШГИЙН ХӨНДИЙН ЧИГЛЭЛИЙН САЛБАР ТӨМӨР ЗАМ БАРИХ” төсөлд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-д нэгдэж санамж бичиг байгуулав
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт дурдсан үндэсний төмөр замын тээвэр, логистикийн тогтолцоог хөгжүүлэх чиглэл, зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 229 дүгээр тогтоол, мөн оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар тогтоолоор “Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих” төслийн бүтээн байгуулалтад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг богино хугацаанд, бүрэн бүрдүүлэх зорилгоор Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах санамж бичгийг 04 дүгээр сарын 04-ны өдөр байгууллаа.
Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, ТӨБЗГ-ын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, ТӨБЗГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Н.Ганболд нар оролцлоо.
Багахангай-Хөшгийн хөндийн чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцах юм. Санамж бичигт захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О. Батчулуунтай доорх нэр бүхий 20 аж ахуйн нэгжийн Гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурлаа. Энэхүү шинээр баригдах салбар төмөр зам нь Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшгийн хөндий хүртэл нийт 102 км урт дан замтай, 3 өртөө, 4 зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай байх бөгөөд барилгын ажлыг 2025 оны 04 дүгээр сард эхлүүлэн наймдугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих энэхүү төслийн захиалагч Зам тээврийн яам, зохион байгуулагч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар байх бөгөөд дотоодын 110 орчим ААН-ийн 2500 гаруй ажилтнууд татан оролцуулж 5 сарын хугацаанд “Монголын төмөр зам” ТӨХК компани хариуцан гүйцэтгэх юм.
Энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн хэлсэн үг:
"Эрхэм хүндэт Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон хөрөнгө оруулагчид “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанийн удирдлага, хамт олон нийт хүрэлцэн ирсэн хүндэт зочид, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Ханш нээгдэх билэг дэмбэрэлтэй өдөр ийнхүү бүтээн байгуулалтын төсөлд Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нэгдэж хөрөнгө оруулах санамж бичгийг байгуулж буйд маш их бэлгэшээж талархаж байна.
Монгол Улсын Засгийн газраас 2025 оныг "Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нийслэл Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, нийтийн эзэмшлийн зам талбай барьж байгуулах, нийтийн тээврийг хөгжүүлэхэд бүхий л хэвшлийн Аж ахуйн байгууллагууд хөрөнгө оруулалт хийх замаар борлуулалтын орлогоос татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэн.
Монгол Улсын Засгийн газраас нийгмийн хариуцлагын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллахыг төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд үүрэг болгосон билээ.
Энэ хүрээнд Төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн томоохон зангилаа логистик төвийг байгуулж, дамжин өнгөрүүлэх болон экспорт, импортын ачаа эргэлтийг хангах, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Сүхбаатар – Замын-Үүд чиглэлийн төмөр замын Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын салбар зам барихтай холбоотой арга хэмжээний тухай Засгийн газрын 2025 оны 21 дүгээр тогтоол гарч, та бидэнд тодорхой чиглэл өгөгдсөн болно.
Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн 2025 оны орлогын албан татвараас хөнгөлөгдөх зардлыг Улаанбаатар хотын 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх мега төслүүдийн нэг болох “Хөшгийн хөндийн салбар төмөр зам байгуулах” төсөлд хөрөнгө оруулахыг төрийн өмчит хуулийн этгээдүүдэд уриалж, уулзалт зохион байгуулж, Татварын ерөнхий газар, Зам, тээврийн яамтай холбогдох асуудлаар санал солилцон нэгдсэн ойлголтод хүрсэн билээ.
Ингээд өнөөдөр уг төсөлд хөрөнгө оруулалт хийх аж ахуйн нэгж байгууллагуудтай Зам, тээврийн яам, Монголын төмөр зам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар санамж бичиг байгуулж байна. Уг төслийг эхлүүлэхэд хамтран ажиллаж буй та бүхнийхээ цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье!" гэв.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан