2025.03.27

Л.Оюун-Эрдэнэ: 14 мега төсөл нь монгол иргэний амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө юм

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудлаарх гишүүдийн асуултад Ерөнхий сайд хариуллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Энэ бүх мега төслүүд нь орон сууцжуулалт, сургууль цэцэрлэгийн асуудлууд зэрэг хүний амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө байгаа юм. Тиймээс ЭЗ-аа тэлэх ёстой, мөнгөтэй болох ёстой л гэсэн бодлого. МУ-ын ДНБ бүтээгдэхүүн 3 жилийн өмнө 40 их наяд байсан бол өнөөдөр 80 их наяд болж 2 дахин тэлсэн байна. Хэрхэн ЭЗ-ийнхаа бааз суурийг хадгалах вэ, яаж бид дутуу байгаа дэд бүтцийн асуудлаа хурдан шийдвэрлэх вэ? Бидэнд 150 мянган хүний орон сууц хэрэгтэй. Аймгууд хооронд, боомтуудтайгаа холбогдсон, нийслэл хотыг бүтэн биш байлаа ч хагас тойрсон замууд хэрэгтэй. УБ болон хотыг тойрсон гэр хорооллыг холбосон дэд бүтэц хэрэгтэй. Энэ бүх зүйлийг шийдэхэд хамгийн багадаа 10 тэрбум доллар хэрэгтэй. Үүнийг хэрхэн шийдэх вэ. ЭЗ-ийн багтаамжийг тэлж, татварын бааз суурийг нэмэхийн тулд эдгээр мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний цаана иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гэсэн л зорилго бий. Өнөөдрийн баталж буй төсөл нь урт хугацаанд, тогтвортой, боломжит худалдааг ЗГ хоорон хийж буй тохиолдол юм. Төсөл 16 жилийн хугацаанд хэрэгжинэ.

Намрын чуулганы үед нүүрсний үнэ 160 доллар байв. Мөнхөд энэ үнэ дээрээ байх юм шиг бид асуудалд хандаж байсан. Гэтэл өнөөдрийн хаврын чуулган дээр 70 долларт хүрчээ. Чуулган завсарлагааны хугацаанд дэлхий дээр олон үйл явдал болж байна. АНУ 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 25 хувийн татварыг бүх улсын машин дээр тавих гэж байна. Цахилгаан машины 60 хувийг үйлдвэрлэдэг манай урд хөрш шок өглөө. Тиймээс нүүрсний үнэ өслөө гээд зангаа буруулахгүй; буурлаа гээд бачимдаж, барьц алдахгүй; энэ бол дэлхийн зах дээр байдаг л бүтээгдэхүүн, манай орны эдийн засгийн 90 хувийг бүрдүүлж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Төмөр зам 70 жилийн дараа холбогдож байна гэдгээс илүүтэй МУ-ын ЭЗ-ийн урт хугацааны тогтвортой байдлын харилцан итгэлцэл дээр тулгуурласан, харилцан ашигтай худалдааг хөрш оронтойгоо хийж буй маш чухал үйл явдал. Энэ гэрээ батлагдсанаар ОХУ болон БНХАУ-тай  3 улсын төслүүд хэрэгжиж эхлэх боломж бүрдэнэ. Төмөр замын баруун, зүүн коридорын төслүүдийг яриа хэлэлцээрийн түвшинд оруулна.