2025.03.27

Ж.Алдаржавхлан: Гадагшаа валют болж гарч буй төсвийн зардлын огцом өсөлтүүдийг хязгаарлах саналтай байна

УИХ-ын чуулганы /2025.03.27/-ны өдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Гишүүд сэдэвтэй холбоотой тодруулах асуултууд тавилаа.

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:

Өнгөрсөн чуулган дээр яг энэ хэлэлцээрийг баталж байхад ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, АҮЭБ-ын сайд Ц.Туваан нар 20 сая хүртэлх нүүрсийг гэрээний дүнгээр борлуулаад түүнээс дээш гарсныг зах зээлийн үнийн дүнгээр борлуулна гэж амлалт өгсөн. Энэ нь гэрээнд тусгагдсан уу?

Нүүрсний гарцыг өргөтгөх ажил хэдэн оны хэдэн сард дуусч, төмөр зам ашиглалтад орох вэ? Монгол улс орлогынхоо 93 хувийг нүүрс, зэснээс бүрдүүлж буй.  Өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн зэс, ойрын ирээдүйд ч нүүрс, зэсний орлогоороо амьдарна. Бид ямар ч ажил хийгээд огцом өөрчлөлтийг авчирч чадахгүй учраас төсвийн зардлын огцом өсөлтийг хязгаарлавал яасан юм бэ. Бизнес эрхлэгчийн хамгийн их хүсдэг зүйл бол ханшийн тогтвортой байдал. Үүнийг хангахын тулд гадагшаа валют болж гарч буй төсвийн зардлын огцом өсөлтүүдийг  хязгаарлах саналтай байна.

Түүний асуултад АҮЭБ-ын сайд Ц.Туваан, ЗТ-ийн сайд Б.Дэлгэрсайхан, ЭЗ-ийн сайд Б.Жавхлан нар хариуллаа