
"Иргэн та хүч" залуусын нэгдэл Баянхонгорчуудыг "ташуурдлаа"
D.Parliament цахим платформийг санаачлагч Б.Өлзийбатаар ахлуулсан "Иргэн та хүч" залуусын нэгдэл Баянхонгор аймагт 3 дахь өдрөө ажиллаж байна.
ИТХ нь өөрөө удирдах байгууллагын хувьд ирэх 4 жилийн Засаг даргынхаа мөрийн хөтөлбөрийг хянадаг эрх бүхий байгууллага. Баянхонгор аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа учир дутагдалтай, иргэд бухимдалтай байгаа 4 сэдвийн хүрээнд нээлттэй сонсгол хийх шаардлагыг "Иргэн та хүч" залуусын нэгдлээс аймгийн ИТХ-д хүргүүлээд байна.
Аймгийн нийгэм эдийн засгийн байдал яаж өөрчлөх үү, ажилгүйдэл багасах уу, байгалийн баялгийн зохицуулалт иргэдийн амьдралд хэр хүртээмжтэй байх вэ, иргэн бүрт оногдох 0,7 га газрын хүсэлтийг яагаад шийдэхгүй байгаа, утааны төвшингөөр Улаанбаатарын дараа орж, хүүхдийн өвчлөлөөр улсдаа тэргүүлж буй энэ асуудлыг яагаад хөндөхгүй байна вэ зэрэг олон асуултын хариуг мэдэх эрхийнхээ хүрээнд авахыг хүссэн тул энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна.
"Иргэн та Хүч" залуусын нэгдлээс
- Ашигт малтмалын олборлолтын ил тод байдал
- 0,7 га газар олголтын ил тод байдал
- Баянхонгор аймгийн Утааны сонсгол
- БаянхонгорД-Өргөдлийн систем нэвтрүүлэх гэсэн 4 сэдвийн хүрээнд нээлттэй сонсгол явуулахыг шаардаж байна.
Б.Өлзийбат "18 нас хүрсэн МУ-ын иргэн бүр төрийнхөө үйл хэрэгт шууд оролцох эрхтэй. Хууль санаачлах, ажлын хэсэг байгуулах, сонсгол хийх гэх мэт. Баянхонгор аймгийн ИТХ хуулиар олгогдсон үүргээ биелүүлээд иргэдийнхээ дуу хоолой сонсож, бүрхэг байгаа, шийдэгдэхгүй байгаа олон асуудалд хариулт өгч, мэдээллээр хангах, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөнд иргэдийнхээ хүсэлтийг багтаан ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Мөн аймгийн 500 иргэний санал өргөдлийг цахимаар авах шийдэл буюу ДБаянхонгорыг нэвтрүүлэх хүсэлтэй байгаа. 2028 оны сонгуулийн ажил чинь өдөр бүр л өрнөж байдаг шүү" гэлээ.