А.Ариунзаяа: Төсөв хязгаарлагдмал учир “Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэх боломжгүй
2025.03.19

А.Ариунзаяа: Төсөв хязгаарлагдмал учир “Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэх боломжгүй

Өрөг нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарт УИХ-ын гишүүн А.Ариунзаяаг урьсан юм.Түүнтэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон “цалинтай ээж” тэтгэмжийг яагаад нэмж болохгүй байгаа талаар мөн намдаа юу хийж өгөөд жагсаалтаар гишүүн болсон талаар ярилцлаа.

-Чуулган амрах хооронд тойргийн гишүүд бол тойргоо “тойглодог”. Тойроггүй гишүүд юуг “тойглох” вэ?

– Тойргийн, тойргийн бус гэсэн ойлголт байгаад байна. Иргэдийн саналыг авч шууд олонхын буюу мажоритар системээр сонгогдсон 78 гишүүн байгаа. Үлдсэн 48 нь намын жагсаалтаар сонгогдсон гишүүд. Тэр тойргоос сонгогдсон учир тойрогтоо л ажлаа тайлагнаж тэр хүмүүст л зориулж ажиллана гэж байхгүй. Нийт иргэдэд тулгамдаж байгаа асуудал түүнийг шийдвэрлэх хууль, төслийг л судалж боловсруулах үүрэгтэй. Энэ ажлаа л хийж байгаа.

-Танай намын дотоод зөрчил нэлээн хурцадмал байна уу. МАН-ыг Ерөнхий сайд удирдаад байна уу, Ерөнхийлөгч удирдаад байна уу?

– Намын дотоод зөрчил гэсэн тийм зүйл байхгүй. Дотоод зөрчил үүсээд нэгнийгээ үгүйсгэж бодлогыг нь эсэргүүцсэн зүйл гарсан гэж би бодохгүй байна. Би намынхаа удирдах зөвлөлийн гишүүн. Бидний хувьд эв нэгдэлтэй, нэг бодлого, чиглэлтэй байгаа.

– Хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний багц сүүлийн таван жилийн хугацаанд 120 хувиар өслөө. Энэ хооронд өрхийн орлого, иргэдийн амьжиргаа энэ хэмжээгээр өссөн үү. Иргэдийн худалдан авалт, амьжиргаа бүр л “улных” боллоо шүү дээ?

– Иргэдийн өрхийн орлогыг таван жилийн өмнөх орлоготой нь харьцуулаад үзэх юм бол өрхийн орлого нэг талдаа нэмэгдсэн байж таарна. Нөгөө талдаа хүнд бараа бүтээгдэхүүний үнэ их өсөөд цалин тэтгэвэр, тэтгэмж бага нэмэгдэж байгаа юм шиг ойлголт хэзээд байдаг. Төр үнийн хяналт зохицуулалтыг хийхгүй шүү дээ. Ардчилсан улс учир төрийн хатуу бодлогоор үнийг барих боломжгүй. Инфляцыг хөөрөгдүүлдэг зүйл бол бэлэн мөнгөний нийлүүлэлт.

Ногдол ашиг гэх мэт нэг удаагийн шинжтэй мөнгө тараалтыг бишгүй дээ л хийдэг. Үүнийг өөрчлөх гарц нь Баялгийн сан юм. Мэдээж байгалийн баялаг ард түмний өмч юм бол эргээд хүн болгонд хүртээлтэй байх ёстой. Гэхдээ мөнгө тарааж халамжийн бодлогоор явах нь эргээд олон сөрөг талтай гэдгийг бид харж байна. ДНБ, эдийн засаг тэлж байна гэж бид нар ярьдаг. Үүнийг иргээд өөрийнхөө амьдралтай шууд харьцуулаад байдаг. ДНБ-ы өсөлтийг шууд өрхийн амьжиргаатай харьцуулах боломжгүй.

-Та халамж хариуцсан сайд байсан шүү дээ. Халамжийг багасгая. Магадгүй тэр танасан орлогоо ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулъя гээд зоригтой шийдвэр гаргаж яагаад болдоггүй байсан юм бэ?

– Халамжийн бодлого дээр зоригтой шийдвэр гаргаж чадсан маань өөрөө юу вэ гэхээр хүнсний талон байсан. Өрхийн амьжиргаа, өрхийн оноон дээр тулгуурлаж зорилтот бүлэгтээ хүнс тэжээлийн дэмжлэг олгодог байсан. Намайг ажлаа авч байхад 250 мянган хүн хүнс тэжээлийн дэмжлэг авдаг байсан. Статистикийн хороонд ажиллаж байхдаа төрийн хаана ямар мэдээлэл байдгийг мэддэг болсон учир олон эх үүсвэрээс мэдээллийг цуглуулж нягталсан.

Гэтэл хоёр, гурван орон сууцтай, том машинтай хүмүүс хүнсний талон авдаг болж таарч байгаа юм. Ингээд хяналт хязгаарлалт байхгүй. Тэгэхээр бид 200-аас дээш малтай бол зорилтот бүлэгт хамаарахгүй. Хөгжлийн бэрхшээлгүй, хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой хүн бол хоёр жилийн хугацаанд танд дэмжлэг олгож хоёр удаа ажлын байр санал болгоё. Та хүсэхгүй, амьдралд нь өөрчлөлт гарахгүй байгаа бол хүнсний талоноос хасна гэдэг журмыг гаргасан. Намайг ажлаа хүлээлгэж өгч байхад 250 мянга гэдэг тоо 95 мянга болж буурсан. Тэгж анх “Халамжаас хөдөлмөрт” гэдэг бодлогыг эхлүүлж байсан.

– Дараагийн асуултаа мөн л Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд байсан хүний хувьд мөн эмэгтэй гишүүний хувьд асуумаар байна. Танай нам хүн амыг өсгөх бодлого баримталъя гэдэг. Гэтэл хүүхэд төрүүлээд хоёр жил гэртээ хүүхдээ харж байгаа эхэд сард 50 мянган төгрөг өгч байгаа юм. Яаж амьдар гээд байгаа юм бэ?

-Монгол төрөөс хэзээд эхчүүдийг анхаардаг байсан буюу социализмын үеэс алдарт эхийн одонг олгож эхэлсэн. 2017 онд гэртээ хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдийн тэтгэмж нэртэй 50 мянган төгрөгийг өгч эхэлсэн юм. Харамсалтай нь нэмэгдүүлж чадахгүй байна. Нөгөө талд төсөв өөрөө хязгаарлагдмал. Хязгаарлагдмал учир аль болох зөв бодлогуудаа авч явах боломжтой. Яагаад гэвэл халамжийн сангийн зардал төсвийн 30 хувь байдаг.

-Таныг өвөөгөө их ярьдаг гэдэг. Өвөө нь таны улс төрийн карьерыг суурь боллоо гэж хүмүүс хараад байна. Та намдаа юу хийж өгөөд жагсаалтад багтаж гишүүн болсон бэ?

– Би өвөөгөө их ярьдаг аа. Монгол улсын ерөнхий сайд гавьяат эдийн засагч байсан. Анхны зээ нь учир өвөөтэйгөө ойр өссөн. Би 2005 онд Германд улс төр, нийгэм, эдийн засаг, түүхийн ухааны магистр хамгаалаад 25 настайдаа ирж байлаа. Өвөө маань 2007 онд бурхан болсон. “Ухамсартай хүн” болоод өвөөтэйгөө хоёрхон жил л байсан гэсэн үг. Өвөөгөө өөд болсноос хойно зургаан жилийн дараа улс төрийн намд анх элсэж байлаа. Нөгөө асуулт нь яаж намын жагсаалтад багтав гэж байна. Статистикийн хороонд дөрвөн жил ажилласан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар сонгогдохдоо өөрийнхөө кабинетыг бүрдүүлсэн. Тэр үедээ “За чи статистик дээр сайн ажилласан. Одоо яг энэ тоонууд дээрээ ажиллаад нийгэмд өөрчлөлтийг хийж НХХ-ын сайдаар ажиллаарай” гээд урилга өгсөн. Жагсаалтад ороход ч мөн миний хийж бүтээсэн зүйлс нөлөөлсөн байх хэн нэгний ивээлд багтаж жагсаалтад орсон зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.